Мэдээ мэдээлэл

Комплаенс, AML/CFT, засаглал, эрсдэлийн салбарын нийтлэл, хууль эрх зүйн шинэчлэл

ISO нэвтрүүлэх бяцхан зөвлөмж

ISO нэвтрүүлэх бяцхан зөвлөмж

2026-10-27 09:01:33

ISO 37301 гэж юу вэ?

​

ISO 37301:2021 нь комплаенсын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлсон олон улсын стандарт бөгөөд өмнөх ISO 19600:2014 зөвлөмжийн стандартыг орлосон. Өөрөөр хэлбэл уг хувилбар нь баталгаажуулах (сертификатжуулах) боломжтой. Байгууллага хууль тогтоомж, зохицуулагчийн шаардлага, гэрээгээр хүлээсэн хариуцлага, дотоод дүрэм журмыг хэрэгжүүлэх тогтолцоог нэг дараалалтай, баримтжуулан байгуулахад туслана.

Стандарт нь ISO 27001, ISO 9001 зэрэг стандарттай ижил бүтэцтэй тул бусад удирдлагын тогтолцоотой нэгтгэхэд илүү хялбар.

1. Бэлтгэл үе

 

Удирдлагын дэмжлэг, баг томилох, хүрээ, зорилтыг тодорхойлох.

 

Стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх гол эхлэл нь удирдлагын манлайлааас эхлэлтэй. Учир нь ТУЗ ба гүйцэтгэх удирдлага нь комплаенсын тогтолцоог дэмжиж холбогдох бодлогын баримт бичиг, зорилго, зорилтыг батлана. Энэ үед:

  • Комплаенсын хариуцсан албан тушаалтан болон ажиллах багийг томилно.
  • Тогтолцооны хамрах хүрээг заана: ямар салбар, хамтрагч, үйл ажиллагаа хамрах вэ.
  • Зорилтоо тодорхойлно (жишээ нь: хуулийн зөрчлийг бууруулах, ажилтны ойлголтыг дээшлүүлэх).

Стандартын холбоотой хэсэг: байгууллагын орчин ба удирдлага (4, 5-р зүйл).

 

2. Одоогийн байдлыг үнэлэх

 

Одоо байгаа комплаенсын тогтолцоо, эрсдэл, зөрүүгийн дүн шинжилгээ хийх.

Стандартыг нэвтрүүлж эхлэхээс өмнө “бид одоо хаана байна” гэдгийг ойлгох, тодорхойлох хэрэгтэй.

  • Хууль тогтоомж, зохицуулагчид, гэрээгээр хүлээсэн хариуцлагыг нэг бүртгэлд (комплаенсын үүргийн бүртгэл) цуглуулна.
  • Одоо буй бодлого, журмыг шалгана.
  • Комплаенсын эрсдэлийг тодорхойлж, үнэлнэ (хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол ямар эрсдэл гарах вэ).
  • Зөрүүгийн шинжилгээ хийж, одоогийн байдал ба стандартын шаардлагын хооронд ямар дутагдал байгааг тодорхойлно.

Стандартын холбоотой хэсэг: орчин, хүлээсэн үүрэг, комплаенсын эрсдэлийн үнэлгээ (4.1–4.6).

 

3. Төлөвлөгөө боловсруулах

 

Стандартын шаардлагад нийцсэн үйл ажиллагаа, хариуцлага, хугацаа тодорхойлох.

Зөрүүгийн шинжилгээнээс гарсан дүгнэлтийг төлөвлөгөө болгон хөрвүүлнэ:

  • Эрсдэлийг бууруулах, зөрүүг арилгах үйл ажиллагаануудыг жагсаана.
  • Үйл ажиллагаа бүрт хариуцагч, хугацаа, нөөцийг тодорхойлно.
  • Комплаенсын зорилтуудыг хэмжих аргыг бичнэ.

Стандартын холбоотой хэсэг: төлөвлөлт (6-р зүйл).

 

4. Системийг хэрэгжүүлэх

 

Бодлого, журам, процесс, хяналтын арга хэмжээ нэвтрүүлэх.

Гаргасан төлөвлөгөө бодит ажил болгон хувиргах үе шат

  • Комплаенсын бодлого, журам, үүрэг хариуцлагыг батлуулж, ажилтнуудад мэдэгдэнэ.
  • Хяналтын арга хэмжээг бизнесийн процесст оруулна.
  • Ажилтнуудад сургалт зохион байгуулж, зөрчлийн таалаар мэдээлэх арга (шүгэл үлээх механизм) бий болгоно.

Стандартын холбоотой хэсэг: дэмжлэг ба үйл ажиллагаа (7, 8-р зүйл).

 

5. Хяналт, үнэлгээ хийх

 

Гүйцэтгэлийг хэмжих, дотоод хяналт, дотоод аудитыг хэрэгжүүлэх.

Нэвтрүүлсэн тогтолцоо ажиллаж буй эсэхийг тоон буюу чанарын аргаар шалгана.

  • Комплаенсын үзүүлэлтүүдийг тогтоож хянана (жишээ нь: мэдэгдсэн зөрчил, сургалтад хамрагдсан ажилтны хувь).
  • Дотоод хяналтыг давтамж
  • Зөрчлийг буурсан хувь
  • Дотоод аудит хийж, комплаенсын тогтолцоо стандартад нийцэж, үр дүнтэй хэрэгжиж буй эсэхийг шалгана.
  • Удирдлага тогтмол хугацаанд тогтолцооны үр дүн үнэлж, хянаж хэлэлцэнэ (удирдлагын хяналт).

Стандартын холбоотой хэсэг: гүйцэтгэлийн үнэлгээ (9-р зүйл).

 

6. Тасралтгүй сайжруулах

Илэрсэн зөрчил, дүн шинжилгээнд үндэслэн сайжруулалтын арга хэмжээ авах.

Алдаа гарахгүй байх бус, алдааний суурь шалтгааныг олж тодорхойлон залруулдаг байх нь чухал.

  • Илэрсэн үл нийцлийг бүртгэж, шалтгааныг нь олно.
  • Засах арга хэмжээ, хариуцагч, хугацааг тодорхойлно.
  • Дахин давтагдахгүй эсэхийг шалгаж, тогтолцоог шинэчлэнэ.

Стандартын холбоотой хэсэг: сайжруулалт (10-р зүйл).

7. Баталгаажуулж, тогтвортой байлгах

 

Тогтолцоог албан ёсоор баталгаажуулж, үр дүнг тогтмол хянах.

Хэрэв байгууллага сертификат авахаар шийдсэн тохиолдолд гадаад аудитын байгууллагын баталгаажуулалтын аудитыг хийлгэнэ. Хэрэв зөвхөн өөрсдийн тогтолцоог албан байдалд оруулах гэж байгаа бол дотоод баталгаажуулалт буюу удирдлагын шийдвэрээр албажуулна. Гол нь:

  • Тогтолцоо албан ёсны тэмдэглэл, баталгаатай байна.
  • Үр дүнг тогтмол (жил бүр) хянаж, шаардлагатай бол тогтолцоог шинэчлэнэ.
  • Комплаенс нь хоёрдогч ажил бус, байгууллагын соёлын хэсэг болно.

 

Нийтлэг тохиолддог алдаанууд

 

  • Удирдлагын дэмжлэггүйгээр эхлэх. Комплаенс нь зөвхөн мэргэжилтний ажил болж хувирдаг.
  • Баримт бичиг байгаа боловч бодит ажилд нэвтэрдэггүй. Дотоод ажилтнууд, газар нэгж, удирдлагын ойлголт сул.
  • Зөрүүгийн шинжилгээгүйгээр нэвтрүүлэх. (байгууллагын бодит дутагдалыг олж илрүүлж чадахгүй)
  • Дотоод аудитыг орхих.

 

Байгууллага ямар алхамаас эхлэх вэ?

 

Хугацаа ба хөрөнгө оруулалт нь байгууллагын хэмжээ, байгууллагын хамрах хүрээ, одоо байгаа комплаенсын тогтолцооны бэлэн байдлаас хамаарч хаанаас, хэрхэн эхлэхийг тодорхойлно.

  1. Хамгийн сайн эхлэл нь зөрүүгийн шинжилгээ (2-р алхам) хийж, одоогийн байдлыг тодорхойлох юм.
  2. Дараа нь байгууллага ямар хугацаанд нэвтрүүлэх, ямар хэмжээний төсөв хөрөнгө зарцуулах төлөвлөгөөг гаргана.

 

​

​