2026 оны 10 дугаар сарын 28-30 өдрүүдэд Парис хотод ФАТФ-ын ээлжилт уулзалт, хурал болсон бөгөөд уг уулзалтад дэлхийн 200 гаруй улсын төлөөлөгчид оролцсон байна. Энэхүү уулзалтаар цахим залилан, виртуал хөрөнгийн хууль бус хэрэглээ, мөнгө угаах гэмт хэрэг болон олон улсын санхүүгийн системийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх асуудлыг хэлэлцэв.
Энэ удаагийн уулзалтаар санхүүгийн гэмт хэргийн шинэ хэлбэрүүдтэй тэмцэх, улс орнуудын хяналт, зохицуулалтыг сайжруулах чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэр гаргасан байна.
Уулзалтаар хэлэлцсэн гол асуудлууд
1. Виртуал хөрөнгийг ашигласан хууль бус гүйлгээнд тавих хяналтыг нэмэгдүүлэх
Криптовалют болон бусад виртуал хөрөнгийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, цахим залилангийн орлого шилжүүлэх зэрэг үйл ажиллагаанд ашиглаж олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийхэд туслах хэрэгсэл болгох эрсдэл нэмэгдэж байна.
Үүнтэй холбоотойгоор ФАТФ виртуал хөрөнгийн зах зээл идэвхтэй хөгжсөн улс орнууд ФАТФ-ын зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад илүү нарийвчилсан хяналт тавихаар шийдвэрлэжээ.
Энэхүү ажлын хүрээнд виртуал хөрөнгө болон түүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлэгчдийн хяналт, зохицуулалтын хэрэгжилтийг үнэлж, 2027 оны 6 болон 10 дугаар сард үр дүнг танилцуулахаар төлөвлөсөн байна.
Виртуал хөрөнгийн гүйлгээ яагаад чухал вэ? Санхүүгийн байгууллагууд зөвхөн уламжлалт банкны гүйлгээнд бус, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцагч, гүйлгээний эрсдэлийг ч анхаарах шаардлагатайг ФАТФ-аас анхааруулсан байна.
2. Цахим залилан, луйврын мөнгөний урсгалыг илрүүлэхэд анхаарах
Интернет болон цахим орчинд үйлдэгдэж буй залилан нь олон улсын хэмжээнд ноцтой асуудал болоод байна. Ялангуяа иргэдийг хууран мэхэлж мөнгө шилжүүлэх, хуурамч хөрөнгө оруулалт санал болгох, олон улсын зохион байгуулалттай залилангийн сүлжээ ажиллуулах зэрэг гэмт хэрэг нэмэгдэж байна.
ФАТФ энэ удаагийн уулзалтаар залилангийн гэмт хэргээс олсон мөнгө хэрхэн шилжиж, олон улсын санхүүгийн системээр дамжин угаагдаж байгааг судалсан тусгай тайланг гаргажээ.
Цаашид гэмт хэргийн орлогыг илрүүлэх, цахим шилжүүлгийг таслан зогсоох, хууль бус орлогыг хураах чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Цахим гүйлгээний хяналт яагаад чухал вэ? Банк, ББСБ болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид сэжигтэй гүйлгээг цаг тухайд нь илрүүлэх, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах, залилангийн эрсдэлийг бууруулах хяналтаа сайжруулах нь тухайн байгууллага нь цахим залилангаас олсон орлого, мөнгөн хөрөнгийг дамжуулах эрсдэлд өртөхөөс сэргийлнэ.
3. Саарал жагсаалтаас дөрвөн улс хасагдав.
ФАТФ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай бөгөөд сайжруулах арга хэмжээ авч буй улс орнуудын жагсаалтыг шинэчиллээ.
Энэ удаад дараах дөрвөн улсыг эрчимжүүлсэн хяналтаас буюу саарал жагсаалтаас хассан байна. Үүнд:
- Болгар;
- Кот-д'Ивуар;
- Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс;
- Монако.
Эдгээр улс нь өмнө нь илэрсэн дутагдлаа арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлж, газар дээрх үнэлгээгээр ахиц дэвшлээ баталгаажуулсан байна.
Харин Вьетнам улсын хэрэгжилтийн ахиц хангалтгүй байгаад ФАТФ анхааруулж, дараагийн уулзалтаас өмнө бодит ахиц гаргах шаардлагатайг мэдэгджээ.
ФАТФ-ын жагсаалт яагаад чухал вэ? ФАТФ-ын хяналтын жагсаалтад орсон эсэх нь тухайн улстай хийх олон улсын төлбөр тооцоо, санхүүгийн харилцаанд нөлөөлдөг. Иймээс улс орнуудын хувьд зөвхөн хууль, журам батлах бус, тэдгээрийг бодитоор хэрэгжүүлж үр дүн гаргах нь чухал юм.
4. Улс орнуудын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бодит үр дүнг илүү анхаарч үнэлнэ.
ФАТФ Мексик болон АНУ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний тайланг хэлэлцэж баталсан байна.
Шинэ үнэлгээгээр улс орнууд зөвхөн хууль, дүрэм, журмаа олон улсын стандартад нийцүүлсэн эсэхээр хязгаарлагдахгүй. Харин гэмт хэргийн эрсдэлийг хэрхэн бууруулж байгаа, хяналт шалгалт нь үр дүнтэй эсэх, сэжигтэй үйл ажиллагааг илрүүлж таслан зогсоож чадаж байгаа эсэхийг илүү анхаарах болжээ.
Мөн үнэлгээний дараа улс орнуудад хэрэгжүүлэх шаардлагатай гол арга хэмжээг тодорхойлсон, гурван жилийн хугацаатай зөвлөмжийн төлөвлөгөө гаргаж өгөх зохицуулалт хэрэгжиж байна.
5. Эрсдэл өндөртэй асуудалд нөөц, хяналтаа төвлөрүүлэхийг уриаллаа
ФАТФ улс орон бүрийн санхүүгийн салбар, эдийн засаг, нөөц боломж харилцан адилгүй байдгийг харгалзан үзэх шаардлагатайг онцоллоо.
Үүний хүрээнд санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо сул, нөөц боломж хязгаарлагдмал улс орнуудад зориулсан илүү уян хатан үнэлгээний аргачлал, сургалт, техникийн туслалцааг хөгжүүлэхээр болжээ.
Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд эрсдэлээ зөв тодорхойлж, хяналт шалгалтын нөөцөө хамгийн өндөр эрсдэлтэй чиглэлд төвлөрүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Бид цаашдаа юуг сайжруулах хэрэгтэй вэ?
ФАТФ-ын энэ удаагийн уулзалтаар хэлэлцсэн асуудлууд нь Монгол Улсын банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд ч хамааралтай юм. Учир нь Монгол улс 2028-2029 онд ФАТФ-ын харилцан үнэлгээнд хамрагдана.
Тиймээс бодлого, зохицуулалтын орчны хэрэгжилтийг илүү байгууллагын цар хүрээ, бодит нөхцөл байдалд нийцсэн хэлбэрээр буюу эрсдэлд суурилсан аргачлалаар үйл ажиллагаандаа сайжруулалт хийснээр ямар үр дүн гарсан түүнийг нотлох шаардлага тулгарч байна.
Өөрөөр хэлбэл бид холбогдох хуулийн зохицуулалт, бодлогын баримт бичигтэй гэхээс илүү тэдгээр бичиг баримт нь өнөөгийн цахим технологи эрчимтэй хөгжиж буй бодит нөхцөл байдалд хэрхэн хэрэгжсэн, хэрэгжих боломжтой эсэхийг үнэлэх, хэрэгжих боломж нөхцөлөөр хангах оновчтой арга зам механизмыг бий болгох нь бодлого боловсруулагчид болон зохицуулагч байгууллагуудын үүрэг болж байна. Тухайлбал:
Доорх чиглэлд яг ямар үр дүн гарсаныг тоон болон чанарын үзүүлэлтээр харуулах
- Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийн үнэн зөв, ил тод байдлыг нэмэгдүүлэх.
- Банк, ББСБ болон виртуал хөрөнгийн салбарын эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг бэхжүүлэх.
- Цахим залилан, виртуал хөрөнгө ашигласан хууль бус гүйлгээг илрүүлэх технологийн чадавхыг нэмэгдүүлэх.
- Олон улсын хориг арга хэмжээ, улс төрд нөлөө бүхий этгээдийн шалгалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх.
- Сэжигтэй гүйлгээний мэдээллийн чанар, мөрдөн шалгах ажиллагаанд ашиглагдах үр нөлөөг сайжруулах.
- Мөнгө угаах гэмт хэргийн орлогыг илрүүлэх, хураах ажиллагааг эрчимжүүлэх.
- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын бодлого, хяналт шалгалтаас гадна банк, ББСБ, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон бусад мэдээлэх үүрэгтэй этгээдийн идэвхтэй оролцоо чухал юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн системд оролцогч талуудын үр дүнтэй хамтын ажиллагааг улам сайжруулах, хамтран ажиллах эрхзүйн орчны зохицуулалтыг оновчлох хэрэгцээ бидэнд тулгарч байна.
Комплаенс бол зөвхөн зохицуулалтын шаардлага биелүүлэх ажил биш. Энэ нь байгууллагын эрсдэлийг бууруулах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, харилцагч болон олон нийтийн итгэлийг хамгаалах үндсэн тогтолцоо гэдгийг байгууллагуудын хувьд анхаарах цаг иржээ.
Эх сурвалж: FATF, Outcomes FATF Plenary, 28–30 October 2026. Албан ёсны мэдээлэл: https://www.fatf-gafi.org/en/publications/Fatfgeneral/outcomes-fatf-plenary-october-2026.html